Loneliness

Loneliness — a pitch-dark night,
Within it, my beloved sleeps in a pure white shirt.
Loneliness — a vast, endless sea,
With only a single drop of water inside.
ГАНЦААРДАЛ ГЭГЧ
Ганцаардал гэгч түнэр харанхуй шөнө
Дотор нь миний амраг цав цагаан цамцтай унтдаг
Ганцаардал гэгч нэлгэр их далай
Дотроо ганцхан дусал устай
Ганцаардал гэгч өлгийтэй нялхсын дээр уясан
Эсгий үнэгний гэнэтийн цангаа
Ганцаардал гэгч хэцэн дээр хатаасан даашинзны хормойг
Тугийн уранхай далбаа хэмээн үнссэн салхины уруул
Ганцаардал гэгч эмээлээ үүрээд унааныхаа хойноос алхсан аавын бараа
Араас нь салхи ташуурыг нь авч давхиад гүйцээгүй оргодол
Ганцаардал гэгч хилэнт хар нүдтэй намрын мод буюу
Хэтэрхий тунгалаг нулимсаа навчсаар арчуулдаг тайтгарал
Ганцаардал гэгч нижигнэсэн их алга ташилтын дуун
Нам гүм тэр дунд нь шархаа долоосон чоно шиг амардаг
Ганцаардал гэгч шүлгийн сонгодог мөрийг олж унших агшин
Сэм сэмхэн өдөөх бяцхан атаархлаар нь шартдаг
Ганцаардал гэгч өглөөний улаан нар мод болж ургаа үзэсгэлэн мөчир дээр нь
Хорвоо жимс болж боловсордог
Амдралд дасах гэж алмайрч зогсоход
Ард маань хөлийн чимээ гарав
Эргээд харахад
Энэ орчлон ээжийн минь үнэрээр дүүрэн гишгэх ч газаргүй
Энэ бол миний ганцаардалд дасах ганц шалтаг буюу
ѲМѲЗО яруу найрагч: Энххадаа